feature-top

Эцэг эх-багшийн туслагч

Ж.Сайнбилэг

Говь-Алтай аймгийн 2-р цэцэрлэгийн багш

surenhuu_g@yahoo.com

Туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: СӨБ-ын багш нар

Туршлагын онцлог: Багшаар ажиллах 31 жилийн хугацаанд 2000 гаруй эцэг эхтэй хамтран ажиллаж, тэдний хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсролыг олгосон байна. 1990-2008 онуудад цэцэрлэг-эцэг эхийн хамтын үйл ажиллагаа тийм ч сайн байгаагүй. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байсан.

1. Эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролыг ойлгож ойшоодоггүй

2. Цэцэрлэг өөрийн үйл ажиллагааг тэдэнд таниулах, сурталчлах, татан оролцуулах ажлыг дутмаг зохион байгуулдаг

3. Эцэг эхчүүдээс хүүхдийн хоолны мөнгийг авдаг байсан нь хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг буурахад нөлөөлсөн.

Сүүлийн жилүүдэд цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ байдал арилсан гэхэд болно. Учир нь эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролын мөн чанарыг ойлгож эхэлсэн. Цэцэрлэг бүр өөрийн үзэл баримтлал, эрхэмлэх зүйлсийг боловсруулж, түүндээ эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг тодорхой болгосон нь тэднийг аливаа үйл ажиллагаанд татан оролцуулахад дөхөм болсон. Хүн болгон адилгүй, хүлэг бүхэн жороогүй гэдэгтэй адил олон эцэг эхчүүдтэй ажиллах нь тийм ч амар зүйл биш гэдгийг олон багш мэдэж байгаа байх. Би багш хүний хувьд нөхөрсөг, санаачлагч, өгөөмөр сэтгэлтэй, бүтээлч, ажиглагч, судлаач, өөдрөг, хөгжилтэй, өөртөө итгэлтэй багш байх шаардлагатай байлаа. Эдгээр зарчмыг хэрэгжүүлж багш болохын тулд хамгийн дотны туслагч дэмжигч нь эцэг эх болохыг ойлгосон. Олон жилийн хугацаанд эцэг эхчүүдтэй хамтран ажилласан арга туршлагаасаа хуваалцахад таатай байна.

Туршлагыг хэрэгжүүлэх санаа:

Анх цэцэрлэгт хүүхдээ хөтлөн орж ирсэн цагаас тэднийг найрсгаар хүлээн авч, итгэл төрүүлэх нь хамгийн чухал. Эцэг эхчүүдэд итгэл төрүүлэх хамгийн эхний алхам нь тэднийг эелдгээр хүлээн авч мэндлэх, халуун дулаан инээмсэглэл бэлэглэх явдал юм. Миний өөрийн нэг онцлог бол эцэг эхчүүдтэй тэдний танил, хамаатан садан найз нөхөд шиг харьцдаг учраас миний ажилд хүндрэл бэрхшээл ховор тулгардаг. Яагаад гэвэл тэд надад итгэдэг, ойлгодог. Нэгэнт хүний итгэлийг олж чадсан цагт санаа зорилго нэг болж чаддаг.

Тэд миний дотны туслагч. Багш өөрийн ажлын ачааллыг хөнгөвчилье гэж бодвол эцэг эхчүүдийг өөртөө татах явдал чухал билээ. Миний хувьд сургалтын таатай орчин бүрдүүлэлт, хэрэглэгдэхүүн бэлтгэх тал дээр санаа зовдоггүй. Яагаад гэвэл надад дотны туслагч болсон эцэг эхчүүд байгаа болохоор. Гэхдээ эцэг эхчүүдээс шууд мөнгө авах, хандив нэхэх зэргийг би боддоггүй. Эхлээд тэдний итгэлийг олох хэрэгтэй. Хөгжүүлэх үйл ажиллагаанд урьж суулгах, эцэг эхчүүдийн дунд “Хишиг өдөр” зохиох, аав, ээжүүдийн өдөр зохион байгуулах, өдөрлөг өглөөлөг, тэмцээн, нээлттэй хаалганы өдөр гэх мэт цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тэднийг урьж оролцуулснаар тэд багшийн ажлыг ойлгож сэтгэлээрээ надад тусалдаг болсон.

Аавууд нэг баг болж ажилладаг. Бүлгийн аавууд нэг баг болж хамтран ажилладаг бөгөөд жил бүрийн хавар, намар аавуудын өдрийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Аавуудын өдрийн арга хэмжээний үеэр тэдний санал бодлыг сонсож цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хамтран гаргадаг. Ингэснээр аавууд хүүхдийнхээ хөгжилд гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдэж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож багшид тусалдаг болсон.

“Аавуудын өдөр”-н үйл ажиллагааны хэсгээс

Тэднийг өөртөө татахуй. Намар хүүхдээ хүлээж авсан тэр мөчөөс эхлэн хүүхдээс гадна эцэг эхчүүдээ таньж мэдэхийн тулд судалгаа хийдэг. Учир нь хэнтэй ямар аргаар хэрхэн ажиллах арга зүйгээ боловсруулдаг. Энэ нь эцэг эхтэй ажиллахад дөхөм байдаг. Зарим эцэг эхчүүд багш, цэцэрлэгийн үйл ажиллагааг тэр бүр мэддэггүй ойшоодоггүйн улмаас үл ойлголцох сөрөг хандлага гарах тохиолдол байдаг. Тэдгээр эцэг эхчүүдтэй ажиллахдаа “Удирдуулах” аргыг хэрэглэдэг. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа баг удирдуулж, өөрт нь үүрэг хариуцлага оногдуулаад ирэхээр аяндаа цэцэрлэгийн үйл ажиллагааг ойлгож, дэмждэг болдог юм.

Арга зүй туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

Хичээл үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт:

 Би сар бүр график гарган эцэг эхчүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд урьж оролцуулдаг. Ингэснээр эцэг эхчүүд дараа дараагийн хөгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэл, үзүүлэн тараах материал хийхэд сэтгэлээрээ гар бие оролцон тусалдаг болсон. Зарим эцэг эхчүүд өөрсдөө санаачлагаараа гарын доорх материал ашиглан тоглоом наадгай хэрэглэгдэхүүн хийж авчирч өгдөг болсон. Үүнээс гадна тухайн өдрийн үйл ажиллагааг гэртээ хүүхдүүдтэйгээ үргэлжлүүлэн давтаж тоглосоноор хүүхдийн чадварт үргэлж өөрчлөлт гарч, чадвар нь нэмэгдэж байсан.

Хүүхдийн хөгжилд гарсан өөрчлөлт:

 

 Эцэг эхчүүд багштай ойр дотно байж, эргэх холбоотой ажилласанаар хүүхдийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц гарсаар ирсэн. Учир нь багш хүүхдийн хөгжлийг зөв тодорхойлж, ямар арга замаар хөгжүүлэх гарцыг олж, түүнийгээ эцэг эхийн оролцоотойгоор хэрэгжүүлснээр хүүхэд нэг бүр хөгжих боломж бүрдсэн.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-19 17:43:51 Уншсан тоо:  52

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.